2014-10-24
Нобелийн шагналыг хуртсэн Малала охин
Хүүхдийн эрх, тэр дундаа өсвөр насны охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэгч, 17-хон настай Малала Юсуфзай Нобелийн энхтайвны шагнал хүртсэн мэдээ дэлхий дахины анхааралд байна. Ийм насны пакистан охинд бүү хэл, хэр баргийн алдар нэртэй хүнд олдоод байдаггүй уг хүндтэй шагналыг тэр үнэхээр хүртэх эрхтэй гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна. 11 настайгаасаа охидын эрхийн төлөө тэмцэж, 15 настайдаа талибуудын гарт амиа алдахаа шахсан энэ охиноос олон нийт юу суралцах ёстой вэ? Тэр яаж богино хугацаанд ингэтлээ алдаршиж, Жастин Биберээс эхлээд Десмонд Туту, Барак Обама нарт хүртэл хайрлагдаж чадав? НҮБ юуны учир долдугаар сарын 12-ны өдрийг буюу түүний төрсөн өдрийг олон улсын хэмжээнд Малалагийн өдөр болгон тэмдэглэх хүртлээ түүнд хүндэтгэл үзүүлэв? Пакистаны Сват хөндийгөөс Нобелийн шагналд хүрсэн замыг нь эргэж харангаа бүгдээрээ түүний хэлсэн зарим содон үг, амьдралынх нь чухал үеүдийг онцолъё. “Буу зэвсэг гэдэг алж, хөнөөхөөс өөр шидгүй, ямар ч хүчгүй эд. Харин ганц үзэг хэчнээн гайхамшигтай зүйл бүтээж болохыг бод. Үзгээр бүхэл бүтэн амьдралыг өгүүлж болно, бусдын амийг аварч болно” Малала өнгөрсөн жил “Glamour” сэтгүүлийн Оны эмэгтэй шагнал хүртэхдээ ингэж хэлжээ. Энэ үеэр мөн Оны эмэгтэйгээр тодроод байса Леди Гага хүртэл Малалагийн үгэнд уярч “Энэ сэтгүүлийн нүүрэнд гарсан зургаа сольж болдог бол түүний зургийг л оронд нь тавих байлаа” гэж хэлж байв. “Парламентын ордны өмнө зогсож, элдэв шүүмж хэлж байхаар дотор нь ороод хүсээд байгаа өөрчлөлтөө өөрөө хийх гээд үз” “Намайг Малала гэдэг” номынхоо нээлтийн үеэр улстөрч болох хүсэлтэй гэдгээ бусадтай хуваалцахдаа тэрбээр ингэж хэлжээ. Харин Пакистаны ямар намд элсэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Малала “Бусдад тусалъя гэсэн намд л элсэнэ. Харин тийм нам байхгүй бол өөрөө нам байгуулна” гэсэн байна. “Ердөө лайк цуглуулах гэж байгаа бол фэйсбүүк хэрэглээд хэрэггүй” Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэлсэн үг нь. Малала “Фэйсбүүк, твиттер, инстаграм хуудсууд нэг талаар цаг их үрдэг. Ийм хуудсуудад зураг постолж, хэн нэгний бичсэн дээр лайк дарж, сэтгэгдэл бичих зэргээр хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө тэмцэх таны тэмцэл хязгаарлагдаасай гэж би хүсэхгүй байна” гэсэн юм. “Зарим маань тушаатай байхад биш яаж урагшлах вэ” Өнгөрсөн жил 16 насныхаа төрсөн өдрөөс НҮБ-ын индэр дээрээс Малала ингэж хэлжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын эрхэм чухлыг ярьж байгаад “Өмнө нь бидний төлөө тэмцээч, биднийг хамгаалаач гэж бид эрчүүдээс хүсэж байсан. Харин одоо бид өөрсдөө өндийн босно” гэж байв. “Битгий ай. Айвал хөдөлж чадахгүй” “Намайг Малала гэдэг” дурдатгал номдоо Малала буудуулсан тухайгаа “Үхээд сэхсэнийхээ дараа би өөртөө байнга хэлдэг. Битгий ай, Малала. Айвал хөдөлж чадахгүй, урагшилж чадахгүй, үхэлтэй чи хэдийнэ нүүр тулсан, энэ чиний хоёр дахь амьдрал гэж” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл бичих